Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор, нийтийн тээврийн үйлчилгээний “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” гэсэн 3 орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэж, нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулав. Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын байгууллагын бүтэц, орон тоог нийслэлийн засаг даргын А/1053 тоот захирамжаар анх баталсан байна. Мөн тус үйлдвэрийн газрын дүрэмд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулан батлах, орон тооны дээд хязгаарт багтаан ажиллагсдыг томилох, нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, цалингийн хэмжээ, урамшууллын журмыг зохих хууль тогтоомж, журмын дагуу тогтоон ажиллахыг тус үйлдвэрийн газрын даргад үүрэг болгосон байна. Тухайн үед тус үйлдвэрийн газар нь 1, 2, 3 дугаар бааз, Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтэс, Техник, технологийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүүгийн бүртгэлийн хэлтэс, Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэс гэсэн 4 хэлтэс, захирлын шууд удлирдлаганд байх дотоод хяналт шалгалтын албатайгаар 1600 ажилтан албан хаагчид, 349 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв.
2018 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазыг бие даасан үйлдвэрийн газар болгож “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ болгон зохион байгуулав.
Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын 2020 оны А/36 дугаар захирамжаар шинэчлэн баталж, тус байгууллага нь 1, 2 дугаар бааз, Захиргаа удирдлагын хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, Техникийн хэлтэс, Дотоод хяналт, шалтгалтын хэлтэс гэсэн 5 хэлтэстэй, 1100 гаруй ажилтан албан хаагчид, 283 хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэж байна.
Манай байгууллага нь нийслэлийн нийтийн тээвэр үйлчилгээний 23 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хот дотор 21, хот орчимд 2 чиглэлд үйлчилдэг. Одоогийн байдлаар ажлын өдөр 212 гаралт, 2936 цаг, 2015 рейс, амралтын өдөр 149 гаралт, 1883 цаг, 1277 рейс гүйцэтгэж нийслэл хотынхоо ард иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай, аюул осолгүй хүргэж байна. Үүнээс 1 дүгээр бааз 154 хөдлөх бүрэлдэхүүнтэй, нийслэлийн 13 чиглэлд ажлын өдөр 119 гаралт, амралтын өдөр 85 гаралт, 2 дугаар бааз 129 хөдлөх бүрэлдэхүүнтэй нийслэлийн 10 чиглэлд ажлын өдөр 93 гаралт, амралтын өдөр 64 гаралттайгаар ажлаа гүйцэтгэдэг. Түүхэн 60 гаруй жилийн хугацаандаа нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, нийгмийн захиалгат үйлчилгээ болох нийтийн тээврийн салбартаа түүчээлж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Баттөр томилогдон ажиллаж байна.