НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны 132 дугаар тогтоолоор “Автобус нэг” ОНӨААТҮГ-ыг 10 дугаар сарын 31-ний өдөр татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз болгон шинэчлэн зохион байгуулсан.
Тус үйлдвэрийн газрын 1 дүгээр бааз нь анх БНМАУ-ын СнЗ-ийн 1954 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаар тогтоолоор БНМАУ-ын Тээврийн Яамны харъяанд нийслэлийн хөдөлмөрчдөд үйлчлэх бие даасан “Автобус-Такси моторын бааз” нэртэйгээр байгуулагдсан. Тухайн үед тус бааз нь 10-20 хүний суудалтай 28 автобустай өдөрт 4450 хүнд үйлчилдэг байлаа.
1959 онд Автобус бааз ба Такси бааз гэсэн хоёр бие даасан бааз болгосон.
Нийслэл хот өргөжихийн хирээр үйлчилгээг төрөлжүүлэн 1985 онд 1, 2 дугаар парк, засварын станц гэсэн аж ахуйн тооцоотой нэгж бүхий “Автобусны комбинат”, 1987 онд Троллейбусны үйлчилгээ нэвтрүүлж, “Зорчигч тээврийн комбинат” болгон өргөжүүлсэн
Автобусны комбинатын түүхэнд ажил үйлсээрээ шалгарсан хөдөлмөрийн тэргүүний олон хүн тодрон гарчээ. 1974 онд Автобусны баазын 20 жилийн ойгоор ЗиЛ-158 маркийн автобусыг их засваргүйгээр анх удаа 500 мянган км явуулсан жолооч Д.Балгансүрэн, 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор ШМ-11 маркийн автобусыг анх удаа их засваргүйгээр 300 мянган км явуулсан жолооч Ц.Лувсанвандан нар БНМАУ-ын Гавъяат тээвэрчин цол хүртжээ.
1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ойгоор зорчигч тээврийн 6 удаагийн “Улсын аварга” жолооч Д.Дамдинсүрэн “БНМАУ-ын баатар” цол хүртсэн байна.
1990 онд Зорчигч тээврийн комбинатыг татан буулгаж, Автобусны 1, 2 дугаар бааз, Троллейбусны комбинат болгон зохион байгуулсан.
Нийтийн тээврийн үйлчилгээнд төр засгаас байнга анхаарч, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, шинэ техник технологийг нэвтрүүлж ирсэн.
1995-1997 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх төсөл 3 үе шаттайгаар бүрэн хэрэгжиж Ниссан Дизель маркийн 60, Хино маркийн 40 нийт 100 автобус, түүний дагалдах сэлбэгийг нийлүүлэв. Мөн эдгээр автобусанд засвар үйлчилгээ хийх тухайн үеийн тэргүүний технологиор баригдсан, жилд 100 автобус засварлах хүчин чадал бүхий Засвар үйлчилгээний станцыг барьж байгуулан 1997 оны 03 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгсөн юм. 1997 оны 6 дугаар сард хоёр улсын Засгийн газар тусламжийн дээрхи автобусыг хувьчлахгүйгээр тохирсон тул Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1997 оны А/98 дугаар захирамжаар “Автобус-1” компанийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт хийв. Энэхүү захирамжийн дагуу Японы тусламжийн автобусыг төрөлжүүлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хуучин “Автобусны 1 дүгээр парк”-ийн байранд байрлуулав. Харин Дарь-эх, Дамбадаржаа, УБИС, Дэнжийн мянга чиглэлд үйлчилдэг автобус, жолооч, кондуктор засварчид, захиргааны ажилтнууд, хуучин засвар үйлчилгээний станц, конторыг “Автобус-3” компанид шилжүүлэн өгсөн.
Японы тусламжийн автобуснуудыг 1995-2009 оны хооронд 14 жил үр бүтээлтэй ашиглаж, дундаж гүйлт 1 000 000 км давжээ. Иймд тус компанийн захирал Шагдарын Дашцэрэн 2000 онд Гавъяат тээвэрчин, 2006 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулав. Түүнчлэн 2014 онд Автобусны баазын 60 жилийн ойгоор Япон улсын автобусыг 12 жил жолоодож, 1 сая км явуулж 170 сая төгрөгийн орлого байгууллагад оруулсан жолооч Ишдоржийн Рэнцэндорж, Буянтогтохын Оюунбаатар, 2015 онд Автотээврийн 90 жилийн ойгоор Ерөнхий инженер Норлоогийн Зориг нар “Гавъяат тээвэрчин” цол хүртсэн юм.
2009 оны 2 дугаар сард Нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар БНСУ-д үйлдвэрлэсэн DAEWOO BS-106 маркийн 150 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобуснууд одоо ч нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд хурдан шуурхай, соёлтой үйлчилж байна. 1 дүгээр бааз нь Тээвэрлэлт үйлчилгээ, Техник технологи, Санхүү бүртгэл, Хүний нөөц гэсэн 4 албатай, ашиглалтын 4 хэсэгтэй.
Автобусны баазын дарга
1954-1955 он Навааны Пүрэвжал
1955-1958 он Бандьхүүгийн Ламжав
1958-1960 он Лувсанчоймболын Сангичойндон
1960-1961 он Сосорын Юндэн
1961-1963 он Гарамын Батсүх
1963-1966 он Сэрээнэнгийн Бүрнээбаатар
1966-1976 он Охины Самбуу
1976-1977 он Гомбожавын Лхамсүрэн
1977-1979 он Жанцангийн Дорждэрэм
1979-1982 он Дэмбэрэлийн Совд
1982-1989 он Шагдарын Дашцэрэн
1989-1990 он Бүүвэйн Энэбиш
“Автобус-1″ ОНӨААТҮГ-ын дарга
1990-1994 он Ядамын Лхагвасүрэн
1994-1997 он Норлоон Зориг
1997-2009 он Шагдарын Дашцэрэн
2009-2011 он Лхүндэвийн Найдан
2011-2012 он Готовын Төмөрбаатар
2012 -2014 он Цогтоогийн Одонтунгалаг
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын дарга
2014-2016 он Сэлэнгийн Ононбаяр
2016-2019 он Бадмаарагийн Бат-орших
2019 оноос Дашнямын Батбаяр
Улаанбаатар хотын Зорчигч тээврийн Тарифын өөрчлөлт
• 1954.03.15 том хүн 1 буудлын 15 мөнгө, дунд сургуулийн хүүхэд буудал харгалзахгүй 10 мөнгө төлж, бага насны хүүхэд үнэгүй зорчих.
• 1960.01.01-1991.01.15 том хүн буудал харгалзахгүй 50 мөнгө, хүүхэд 20 мөнгө
• 1991.01.15 том хүн 1 төгрөг,хүүхэд 50мөнгө
• 1993.01.01 том хүн 3 төгрөг хүүхэд 1 төгрөг
• 1993.06.15 том хүн 10 төгрөг хүүхэд 3 төгрөг
• 1994.06.01 том хүн 30 төгрөг хүүхэд 10 төгрөг
• 1995.10.01 том хүн 50 төгрөг хүүхэд 25 төгрөг
• 1996.09.14 том хүн 100 төгрөг хүүхэд 50 төгрөг
• 1999.11.15 том хүн 200 төгрөг хүүхэд 100 төгрөг
• 2008.12.30 том хүн 300 төгрөг хүүхэд 100 төгрөг
• 2012.07.27 том хүн 400 төгрөг хүүхэд 200 төгрөг
• 2014.01.25 том хүн 500 төгрөг хүүхэд 200 төгрөг
• 2015.7.26 наас цахим төлбөрийн хөтөлбөр хэрэгжсэн

