Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд нийслэлийнхарьяа газар, агентлаг, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, дүүрэг, хорооны удирдлагууд оролцсон. Зөвлөгөөнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын удирдлагууд оролцож мэдээлэл авлаа.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар мэдээлэл хийж, оролцогсодтой санал солилцон, үүрэг даалгавар өгсөн. Мөн энэ үеэр нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттай хийж, аюулгүй, цэвэрхэн, дулаахан орчинд иргэдэд үйлчилдэг болгохын төлөө ажиллана. Цаашид ч иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах утсыг ажиллуулж, олон түмэнтэйгээ хамтран ажиллана. Хувь хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг дээдэлж, хүн бүр иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилдаа хариуцлагатай, сэтгэл зүрхнээсээ ажиллах хэрэгтэй. Энэ л та бидний нийслэлийн хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо төлөө хийж буй хамгийн том ажил байх болно. Иргэд хотын соёлд суралцан хаа тааралдсан газраа нус, цэрээ хаядаггүй байх ёстой. Иргэдээ соёлжуулахын төлөө үе шаттай ажлууд зохион байгуулна. Төр хувийн хэвшлийн байгууллагууд энэ ажилд нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн гэсэн мэдээлэл өгч, нийт жолооч зорчигчдыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа
