НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 586 жолоочийг оролцуулсан “
Ур чадвар -Уран жолоодлого”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой юм. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон. 2018 оны 06 дугаар сарын 24-нээс эхэлсэн тэмцээн 2 шаттай явагдаж хэсгүүдээс 21 жолооч шалгарч үлдэн аваргын төлөө өрсөлдсөн. Нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын жолооч Н.Мөнхдэлгэр 1 дүгээр байр, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 2 дугаар байр, 1 дүгээр баазын жолооч Д.Ууганбаяр 3 дугаар байр эзэллээ.