“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын эмч Б.Алимаа, “Архон эмийн фарм”-ийн төлөөлөгч Э.Энхцэцэгтэй хамтран жолооч, шалгагч нарт “Ургамлын тоосны харшил” сэдвээр мэдээлэл хийлээ.
Хүний дархлалын тогтолцооны зохицуулалт алдагдснаар аливаа нэг зүйлд хэт мэдрэмтгий болохыг харшил гэж нэрлэдэг. Бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил үүсгэгч зүйлс хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлалын тогтолцоонд нөлөөлснөөр харшил үүсдэг. Харшилтай болсон үед нус, нулимс гоожих, нүд улайх, нуухтах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах, шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зүгээр болох, арьсны үрэвсэлтэй болох шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн үед гуурсан хоолойн багтраа буюу астмтай болох эрсдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор харшлын эмчилгээг угтаж хийлгэх ёстой.
Харшилтай болсон бол хурц үнэртэй зүйлс үнэрлэхгүй, хоол хүнсэндээ халуун ногоо, цайруулсан самар, хиам, даршилсан бүтээгдэхүүн,спиртлэг зүйл, чихэр хэрэглэхгүй, биеийн дархлаагаа сайжруулж, ажил, амралтаа зохицуулж, сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн харшил төрүүлэгч зүйлсийг тогтоолгож тухайн харшилдаг зүйлээ хэрэглэхгүй, өвчилсөн тохиолдолд хүндрүүлэлгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөөг чанд сахиж, эмчилгээг эмчийн зааврын дагуу тогтмол зөв хийх шаардлагатай юм.
Харшлаар өвдсөн үед идэж болохгүй жимс, ногоо: Апельсин, мандарин, киви гэх мэт исгэлэн амттай жимс харшлыг сэдрээдэг.
Хус модноос харшилдаг бол: Алим, лууван, интоор, чавга, улаан лооль, киви, бууцай, гурил, газрын самар, зөгийн балнаас харшилж болно.
Шарилжнаас харшилдаг бол: Халуун ногоо, тарвас, алим, балжингарма, наранцэцгийн үрнээс амархан харшилдаг.
Ширэг өвснөөс харшилдаг бол: Жүрж, улаан лооль, тарваснаас харшилж болох тул анхаараарай.