“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төвөөс 1, 2 дугаар баазын жолооч нарт “Төмөр замын гармын ослоос сэргийлэх нь“ сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар 100км/цагийн хурдтай галт тэрэг гармын тусгаарлагдсан ойртох хэсгээс гарам хүртэлх 800м-н зайг 45секундын дотор туулах ба гармын хонх, дохиолол ажиллах, хөндөл хаалт бүрэн буух хүртэлх хугацаанд 400м зайд ойртон ирдэг. Төмөр замын гармын дохиолол нь галт тэрэг гарманд 800-1200м-т ирэх үед автоматаар ажиллаж эхэлдэг. Гармын хонх ажиллаж эхэлснээс хойш 8-12 секундын дараа хаалт автоматаар бууна. Зарим хамгаалалттай гармуудад автын хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалан нэмэлтээр автомат сөхөгддөг хаалтаар тоноглогдсон байдаг. Хөндөл хаалт бууснаас хойш 3-5 секундын дараа сөхөгддөг хаалт автоматаар ажилладаг. Галт тэрэгний машинч гарам дээр гарсан саадыг хараад дохио өгөхөөс өөр саадыг тойрч гарах боломжгүй. Тоормос гишгэсэн ч хүнд жинтэй учир галт тэрэгний давхиж буй хурдаас шалтгаалан 800-900 м замыг туулсны дараа зогсдог. Жолооч нар улаан гэрэл ассан байхад гармаар гарах, сөхөгддөг, буудаг хаалт мөргөх, хаалт сүлжин урсгал сөрөх үйлдэл хийснээс осолд өртөн бусдын болон өөрийн амь насыг эрсдэлд оруулдаг болохыг сануулан мэдээлэл зөвлөмж өглөө.