“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Техник технологи бодлого төлөвлөлтийн хэлтэс, “Нарны зам” сургалтын төв хамтран “МИАТ” ТӨХК-ний агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай 28 инженер техникийн ажилтнуудыг танилцуулах аялал, сургалт зохион байгууллаа.
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь агаарын хөлөг болон түүний эд ангийн засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд цорын ганц байгууллага юм.
Монгол улсад тогтмол нислэг үйлддэг ОХУ-ын “Аэрофлот”, БНХАУ-ын “Эйр Чайна”, БНСУ-ын “Кореан Эйр”, Бүгд Найрамдах Турк Улсын “Туркиш Эйрлайнс” зэрэг агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд шугамын техник үйлчилгээг хийхээс гадна Тайландын вант улсын, “Orient Thai”, “Jet Asia Airways”, “Asia Atlantic Airways”, БНСУ-ын, “Eastar Jet”, “Jeju Air”, “T’Way”, ОХУ-ын “UT Air”, “Alrosa” зэрэг агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийдэг онцлогтой.
Сургалтын үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнуудад онгоцны засвар үйлчилгээг мэргэжлийн боловсон хүчин, чанарын шаардлага хангасан сэлбэгээр төлөвлөсөн хугацаанд нь хэрхэн стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг талаараа танилцуулж, шинээр санаачлан хийсэн ажлуудаа үзүүлсэн. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн түүхийн музей, “МИАТ” ТӨХК-ний нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэдэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцан харилцан ярилцаж, туршлага солилцлоо.