Дэлхийн нийтэд коронавирусын халдвар тархаж Монгол улс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх,  тээврийн хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, ажилтан албан хаагчид, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг коронавирусын цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх, ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Цар тахлын хүнд үед эрсдэлтэй нөхцөлд зорчигчдынхоо эрүүл мэндийн төлөө ажиллаж 285 автобусанд угаалга, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж, иргэдэд үйлчилж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олонд  байгууллага аж ахуйн нэгжүүд тусламж дэмжлэг үзүүлсээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар -2388 ширхэг амны хаалт, “Сод Монгол” групп 1200 ширхэг амны хаалт, 18 л өтгөрүүлсэн  чацаргана,Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо ТББ -ын Удирдах зөвлөлийн дарга М.Янжмаа 5000 ширхэг амны хаалт, “Элит Хангамж” ХХК -2000 ширхэг амны хаалт,  Монгол Улсын их сургуулийн номын сан 2500 амны хаалт, 31 ш гар ариутгагч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Алтансүхийн Шинэбаяр 5000 ширхэг амны хаалт, 100  ширхэг хуванцар хаалтыг хандивлаж нэгтгэлийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн. 

Мөн тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай ажилтан албан хаагчдад гурил, будаа, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний 20 багц хүнсний бүтээгдэхүүнийг “Пүүл Ресурс” ХХК  олгосон юм. Энэ үеэр аж ахуйн нэгжийн төлөөллүүд “Монгол хүн бүрийн хичээл зүтгэлийн хүчээр аюулт цар тахлыг  хохирол багатай туулж, хурдан хугацаанд ангижирч чадна гэдгийг онцолсон. Нэгтгэлийн удирдлагууд “Нийтийн тээврийн салбарт ажиллагсад , зорчигчдыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал эрүүл ахуйн дэглэмийг чанд сахин мөрдөхөд тусалж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэн ажлын амжилт хүслээ.