Баянзүрх дүүргийн автобусанд хяналтын ажилтан ажиллуулж байнаБаянзүрх дүүрэгт короновирусын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус чиглэлд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тус чиглэлд үйлчилдэг, дайран өнгөрдөг 9 чиглэлийн 97 автобусанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ ажлын хүрээнд автобус бүрт нэг хяналтын ажилтан ажиллуулж зорчигчдод хоорондын зай барихыг анхааруулан, амны хаалтгүй болон бэлэн мөнгөөр зорчсон иргэнд үйлчлэхгүй болохыг сануулж байна. Оройд ариутгаагүй тээврийн хэрэгслийг баазын хашаа руу нэвтрүүлэхийг бүрэн хориглосон бөгөөд өглөө, өдөр, оройн буултын үед 5-6 шалгагч тээврийн хэрэгслийн гадна, дотно тал, хаалганы бариул, цонх,хаалгыг угааж байгаа юм. Ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх ажлын хүрээнд шалгагч нарт 148 нүүрний хаалт, 740 маск, 148 бээлий олголоо.