Нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, ажилтан албан хаагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 21 чиглэлийн ажил зохион байгуулан ажиллаж байна. Тусгай зөвшөөрөл бүхий ариутгал халдваргүйжүүлэлтийн компанитай хамтран 283 тээврийн хэрэгсэл 7654м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 33 тээврийн хэрэгсэлд галын хор дутууг нөхөн байршуулж, 224 автобусны жолоочийн кабинд хулдаасан тусгаарлалт хийсэн. Давхардсан тоогоор 931 удаа автобусны гадна дотор тал, 202 тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, хогийн савыг тогтмол угааж, ариутган, хогны уут байршуулж, 283 тээврийн хэрэгсэлд 8 төрлийн 11047 ширхэг санамж наалаа.
Мөн 1, 2 дугаар баазаас 8 хүний бүрэлдэхүүнтэй шалгагч нарын баг гарч нийт ажилтан албан хаагчдаас эрүүл мэндийн санамж асуулга авч, биеийн халуун хэмжилт хийн, жолооч, шалгагч нарт 2836 ширхэг амны хаалт, 508 малгай, ариутгал цэвэрлэгээний 478 бээлий, витамин олгон, коронавирусээс сэргийлэх, амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай барихыг тогтмол сануулан ажиллаж байна.