Энэ үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр засварын станцын өргөтгөл, автобусны парк шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар ерөнхий сайдад танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Тэрбээр “Засварын станц нь 1997 онд Япон улсын Засгийн газрын тусламжаар байгуулагдсанаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгээгүй байгаа учир сүүлийн үеийн их багтаамжийн автобусыг засварлахад хүндрэлтэй байдаг. Иймд засварын станцын тоног төхөөрөмжийг шинэчилж, боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Мөн их багтаамжийн автобусыг нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээнд явуулах MNS:5012 стандарттай боловч одоо хөдөлгөөнд оролцож байгаа нийт автобусны 70 гаруй хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдаж байгаа” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн удирдлагууд, нийтийн тээврийн салбарынхан нэгдсэн судалгаа, тооцоолол гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө.Мөн нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системтэй болгох, парк шинэчлэлтийг цогцоор хийх шаардлагатай хөрөнгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг тодорхой тооцооллоо гаргаж танилцуулах чиглэл өгөв.