“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын 589 жолооч шалгагч нар “Эерэг хандлага, харилцааны соёл” сургалтанд хамрагдлаа. Сургалтыг “Эерэг тэмүүлэл” НҮТББ-ын сургагч багш Н.Энхбаатар удирдан явуулсан. Тэрбээр “Хүн юу бодож санана тэр бүхэн биелэлээ олдог. Тиймээс сайн сайхан бүхнийг бодож аливаа зүйлд хандах хандлагаа ямагт эерэг байлгахад анхаарах хэрэгтэй. Бусад хүн уурлаж байсан ч тайван байж өөрийгөө захирч чаддаг хүн ямагт бусдаас илүү амжилтанд хүрдэг. Өглөө эртлэн босож хэвшин, ямарч ажилд сэтгэл зүрхээ зориулан ажиллах хэрэгтэй. Замын түгжрэл, ажлын цагаасаа хоцрох, хүмүүстэй санал зөрөлдөх зэрэг олон шалтгаанаас болж зорчигчид бухимдсан байж болно. Гагцхүү бусдын бухимдлыг өөр дээрээ тусган авч болохгүй. Өнгөрсөн болон ирээдүйд болох зүйлсийн төлөө хий дэмий сэтгэл зүрхээ шаналган маш их зүйл бодсоор хүмүүс бид эрт хөгширдөг. Амьдрал, ажилд ямарч саад тохиолдсон тайван байж, бүхнийг уучилж сурах ёстой. Баярлалаа, хайртай , уучлаарай гэсэн 3 үгийг тогтмол хэлж сурах хэрэгтэй. Бусдад баярлалаа гэж хэлэхэд танаас нэг ч төгрөг гарахгүй. Харин бусдад баяр бэлэглэнэ. Настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн бүсгүйд туслах бүрт та өөртөө төдийгүй бусдад сайн сайхны үлгэр дууриал болно. Ээж ааваа хүүхэд дууриаж өсдөг шиг олон нийттэй харилцдаг хүмүүс бусадтай зөв харилцах юм бол нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Сэтгэл байвал залуус нийлж олон хүний амьдралыг өөрчилж болдгийг та бид харсаар сонссоор байгаа. Бусдад байнга тусалж чадахгүй ч ил задгай хог, тамхины иш, шүлсээ хаяхгүй байх нь иргэн бидний нийгэмдээ, улсынхаа хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр гэдгийг онцолсон. Энэхүү сургалтын дараа Замын хөдөлгөөний дүрмийн шинэ заалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын суурь ойлголтууд сэдвээр НТГ-аас 407 жолооч нарыг хамруулсан 4 удаагийн сургалт зохион байгууллаа.
