“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилчдад НТГ, “JICA”-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс их хэмжээгээр ялгарч буй хар утааг бууруулахад Жайкагийн төслөөр туршигдаж байгаа дизелийн тортогийн утаа шүүх DPF шүүлтүүрийн  талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийг Японы Жайкагийн төслийн багийн удирдагч Комори Масанори хийж автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төслийн явц үр дүнг танилцуулсан юм. Нийтийн тээврийн 24 автобусанд хөө тортогийг бууруулах  DPF шүүлтүүр суурилуулж туршилт хийхэд хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна гээд шүүлтүүр цэвэрлэх цехэд автобусанд нэмэлтээр суурилуулсан шүүлтүүрийн ашиглалтыг харуулав.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянаж, бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн хар утааг жигнэж хэмжиж  байна. Автобусны шүүлтүүрээс өдөрт   дунджаар 175гр хар утаа (PM) ялгардаг. Сарын хэмжилтийн дүнгээр тооцоход туршилтанд хамрагдсан  25 автобуснаас ялгарах 66.4 кг  хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлж чадсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүрийг суурилуулсан тохиолдолд хар утааны жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэв.