“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсээс “Хотын соёл” аяны хүрээнд 1, 2 дугаар баазын жолооч нарыг хамруулсан хэсэгчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар ажлын байранд эерэг хандлагыг хэрхэн бүрдүүлж, сөрөг уур амьсгалыг хэрхэн даван туулах талаар мэдээлэл өгч,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  ажлын хувцас хамгаалах хэрэгслийн ашиглалтыг танилцуулав.

Сургалтын эхэнд 2 дугаар баазын дарга Д.Сүхбат “Манай баазын хамт олон ажлын байранд эрүүл аюулгүй, цэвэр тухтай орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд  хог хаягдлыг ангилан ялгаж, ил задгай хог хаяхгүй байх соёлд суралцаад байна. Ангилан ялгасан хоёрдогч бүтээгдэхүүний үнээр цэвэрлэгээний бүтээгдэхүүн авч байна. Хотын болон байгууллагын соёл, ажлын байран дахь эерэг хандлага эндээс эхэлнэ.Тиймээс бага гэлтгүй ажлын орчиндоо цэвэр цэмцгэр байхад ажилтан бүр анхаарч хогоо ангилан ялгаарай гэж уриаллаа.

Мөн ажлын байранд эерэг хандлага бүрдүүлэхэд хамт олон, хүмүүс хоорондын харилцаа чухал. Байгууллага дээр инээмсэглэсэн, баяр хөөртэй, итгэлцэл дүүрэн орчин бүрдүүлэхэд хүн бүр анхаарах шаардлагатай. Нэг ч хүнийг гомдоохгүй байхад анхаарч, гомдоосон бол уучлалт гуйж, бусдыг уучилж сурах хэрэгтэйг багш нар жишээгээр тайлбарласан. 

Жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж хоорондын зайг тогтмол барьж, эгнээ байраа зөв эзлэн,  хурд хэтрүүлэхгүй замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй, гар утсаар ярьж анхаарлаа сарниулах нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгааг анхааруулсан. Зорчигчидтой зөв харилцан, хоёр чих нэг ам зарчмыг баримтлан маргалдаж муудалцахгүй хүлээцтэй байхад суралцах ёстой.  Ус туулан суух нэгнийг  урагш зогсоод авах, эмээ, өвөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түр хүлээгээд автобусандаа суулгах зөв сэтгэлтэй, хандлагатай байх хэрэгтэй. Миний аав, ээж, ач зээ байсан бол гэсэн бодлоор иргэдэд үйлчлэн, бусдыг хүндэтгэн, хайрлаж сурах  хэрэгтэйг онцлон зөвлөсөн юм.