“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын  “Нарны зам“ сургалтын төв, Тээврийн прокурорын газартай  хамтран “Нийтийн тээврийн үйлчилгээний явцад зам тээврийн осол хэрэг гарахаас урьдчилан сэргийлцгээе” сургалт зохион байгууллаа. Сургалтыг Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Т.Серижан удирдан зохион байгуулж жолооч нарт мэдээ мэдээлэл, анхааруулга, зөвлөмж өгсөн. Жолооч нар сургалтын үеэр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байхад зарим байршилд замын тэмдэг тэмдэглэгээ дутуу байгаа нь хүндрэл учруулдаг. Тиймээс нэмж тавих шаардлагатай байгааг уламжилж өгөхийг хүсэн санал бодлоо солилцон, харилцан ярилцсан.

Сургагч багш тээврийн хэрэгслийн жолооч нар зорчигчийг бүрэн бууж,суусны дараа хөдөлгөөнөө эхлэх, хурдаа тохируулах, огцом тоормозлохгүй байх, буудлын хармаа руу гүйцэд орох, анхаарлаа сарниулж бусадтай ярилцах, утсаар ярихгүй байхыг онцлон анхааруулсан.

Мөн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэдэд:

  • Нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа бууж суух
  • Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн цонхоор бие болон эд зүйлсээ ил гарган явахгүй байх  
  • Бага насны хүүхэдтэй явахдаа хараа хяналтандаа байлгах
  • Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суудлаа чөлөөлөн суулгах
  • Хөдөлгөөний явцад суудлаасаа босохгүй байх
  • Хөдөлгөөний үед жолоочтой яриа өрнүүлэх болон аюулгүй байдалд харшлах үйлдэл хийхгүй байх
  • Нийтийн тээврийн хэрэгсэл дотор бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй хэрүүл маргаан гаргахгүй байх, биеэ зөв боловсон авч явах
  • Буудлын хармаа руу түрж зогсохгүй байх
  • Зориулалтын багана бариулаас барьж, картаар төлбөрөө төлж зорчихыг зөвлөсөн юм.