“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын сургалтын албаны “Нарны зам” сургалтын төв нь Авто тээврийн хуулийн 19 дүгээр зүйлд “Тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна” гэж заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Авто тээврийн газраас мэргэшсэн жолоочийн сургалт зохион байгуулах мэргэжлийн сургалтанд тавигдах шаардлага, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд, Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын хамтарсан 2002 оны 103/107 тоот тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлдэх журам”-ын шаардлагыг тус тус хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2018 онд 07-р сарын 17-ны өдрийн № 237/2018 тоот, Мэргэжлийн Боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын “Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх” 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн №103/2018 тоот сургалт явуулах зөвшөөрлийн гэрчилгээ, сунгалтыг авч сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

“Нарны зам” сургалтын төв нь:
- “ВС” болон “ВСЕ” ангилаас Д ангилалд шилжих
- Д ангиллын мэргэшсэн жолоочийн сургалт
- Троллейбусны жолооч бэлтгэх
- Засварчдад зэрэг олгох, зэрэг нэмэх сургалтуудыг зохион байгуулан явуулж байна.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын “Сургалтын төвийн журам батлах тухай” 2015 оны 01-р сарын 23-ны өдрийн А/08 тоот тушаалыг үндэслэн байгууллагын бодлогын зорилт болгож Сургалтын алба нь нийт ажилтан, албан хаагчдад танхимын сургалтыг зохион байгуулан явуулж байна.
Тус сургалтын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй ба жилийн эхэнд бүх хэлтэс, албад, баазуудаас дотоодод явагдах сургалтын санал авч нэгтгээд төлөвлөгөө гаргаж, хэлтсийн даргаар батлуулан сургалт явуулан ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хууль эрх зүй, тээвэрлэлтийн арга зүйн чиглэлээр 62 цагийн онолын хичээл, Техникийн онолын хичээл 22 цаг, жолоодлого-үйлдвэрлэлийн дадлагыг зургаан төрлийн элементээр, 24 цагийн хичээлийг жолоодлогын тусгайлан бэлтгэсэн талбайд явуулж байна. Авто тээврийн тухай хуульд 2008 оны 05 дугаар сарын 29-ны өдөр орсон өөрчлөлтөөр “Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэсэн шинэ заалт орж ирсэн. Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нь авто тээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж, өөрт ашиг олох зорилгоор баталсан журмын дагуу хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой хүнийг мэргэшсэн жолооч гэж нэрлэнэ.
Коронавирус халдвар дотооддоо гарсантай холбоотой Улсын онцгой байдлаас тогтоосон дэглэмийн улмаас шинэ элсэлт сургалтыг түр хугацаагаар зогсоож, зөвхөн байгууллагын дотоод сургалтыг онлайн хэлбэрээр явуулж байна.



